Эдгээр өдрүүдэд миний бие их зүйлийг ухаарч ойлгож, мэдэрч, хайрлаж байна. Кофе уусны дараах түргэссэн бодлууд минь намайг яг үүнийгээ бичин суухад хөтөллөө. Өөрийгөө бэлэн болох ёстойг мэдэрсэн өдөр хоногууд, яг үнэндээ амьдрал минь дахиад нэг шатыг ахих болсныг мэдэгдэх цаг мөчүүд ч байж мэднэ. Хүн магадгүй нэг жилд нилээдгүй хэдэн насыг нэмдэг ч байж магадгүй. Тэр нь олдсон цаг бүрийг хэрхэн ашиглаж, хэрхэн зүйлсд хандаж өөртөө өөрчлөлтийг өгөхөөс хамаарах ч байж болзошгүй юм. Өмнө би нуугдаж байхыг илүүд үздэг, бусдын анхааралд өртөхийг хүсдэггүй, мөрөөрөө л өөрийнхөө зүйлийг хийгээд явахыг эрмэлздэг байсан. Харин одоо ч нээх ялгараад байх зүйл байхгүй л дээ, гол нь юу вэ гэхээр гэрэлтэж эхлэх хэрэгтэйгээ ойлгосон. Энэ нь гэхдээ зүгээр ч нэг аливааг хийгээд байх биш зоригтойгоор унасан ч хамаагүй босох тэнхэлтэйгээр, айдсаасаа сөрж урагшлахыг минь хэлж байгаа юм. Өөрийнхөө эхлүүлж буй, хийж буй ажилдаа гэрэлээ асааж зүрхлэхийг л хэлээд байгаа юм л даа. Миний өдөр хоногууд ихэнхдээ өөртэйгөө тулалдаж, доторх хүнтэйгээ зөрчилдөж өнгөрдөг энэ нь надад таатай байдаг.