Цасанд автсан гансрал

Zolzayan
2 min readOct 30, 2022

--

Эл өдөр миний хувьд урт хугацааны дараах нэг өдрийн амралт тохиолоо. Саяхан л миний хувьд зуны аагим халуун өдрүүд үргэлжилж өдөр нь ажиллаж, шөнө нь харин сайхан найзуудтайгаа зугааацаж явсан л санагдах юм. Гэтэл нэг мэдэхэд цас орчихлоо. Төгсөх курсийн оюутан нэг л мэдэхэд болсон байсан. Өдөр хоног нүд эрмэхийн зуур жирэлзэн өнгөрч, би ч нүд эрмэхийн зуур гансралд автсан байв. Автах- эрхшээлд нь орох, дарагдах гэсэн утгатай аж. Өөрийнхөө бодолд дарагдаж, өөрийн эрхшээлд орон явж байсан, байгаа би сүүлийн өдрүүдэд нэг л болохгүй байгаагаа анзаарсан хэрэг.

УИД 2022.10.30

Болохгүй байгаагаа мэдэхээр яагаад ч юм цаанаасаа тас хийтэл орилоод уйлмаар санагдах атал нулимс хаа нэг гацчихсан. Бусдыг үл тоож, зүгээр л сохорчихсон юм шиг өдөр хоногууд сүүлийн нэг сарын хугацаанд намайг тарчлааж байсан бөгөөд маш их стрессдэж зовсон байх юм. Дахин, дахин давтагдсан ижилхэн харилцаа, мэдрэмжүүд намайг сэрээхийг оролдож би гэдэг хүн намайг эрхшээлдээ оруулж буй өөрийнхөө нөгөө талтай нүүр тулах сонголтыг хийсэн байдаг. Зугтах сонголтыг гаргаж, би л холдчихвол, би л алга болчихвол надад харагдахгүй, би харахгүй байвал болно гэж бодсон боловч тийм байгаагүй, бодолтой минь намайг дагасаар байсан. Нэг зүйл болохгүй байвал за би л ингэчихье гээд нэг талд ганцаараа зовоод байх ч бас тийм зөв зам биш юм байна гэдгийг ойлгосон.

Өөрийгөө хуурах хэзээ ч шийдэл байгаагүй байх. Нэг л их завгүй гүйж байгаад өөрийгөө хаа нэгтээ гээчихсэн би, өөртэйгөө ингэж нэг уулзах завшаан олдлоо. Хэзээ гэдгийг гадарлаж байгаа ч яагаад гэдгийг нь ойлгохгүй байна. Тэр их завсар зайгүй завгүй байдалд хүрэх ёстой зогсоол гэж байхгүй хэмээн бодов. Нэгхэн долоон хоногийн хагассайн, бүтэнсайнд л энийг хийгээд дуусгачихъя гээд хэдэн ч долоо хоногийн хагассайн, бүтэнсайныг алдчихсанаа анзаарав.

--

--

Zolzayan
Zolzayan

Written by Zolzayan

Энэ орчлонд гэрэлтэй бүхнийг харах гэж, чимээтэй бүхнийг сонсох гэж, мэдрэмж болгон гаргах гэж бүхнээс зугтан ирсэн байх.

Responses (1)