БИ Л БОЛДОГГҮЙ… гэдэг бодол өөрөө болоогүй байдаг
Үүлэн цэнхэр бодлууд минь үүлэн чөлөөний нарнаар наддаа буцаад ирсэн байна. Салхи намайг үнсэж, бороо намайг аргадана. Намайг ухааруулах гэж хамаг амьтад нэгэн дор цугларана. Цаг хугацаа хором мөч бүрээр харваж, цагаан мөртлөө сааралтсан гуниг минь үүл шиг намайг нөмрөнө. Өдийгөөс төдийд өөртэйгөө өчнөөн цаг өнгөрүүлж, төчнөөн асуудлыг давсан байтал одоо ч өөрийгөө би бүрэн мэдээгүй явна. Нэг мэдсэн би бусдад хүлээн зөвшөөрөгдөхийш хэт хүсэхдээ бусдын төсөөлдөг “Энэ хүн ийм байгаасай” гэсэн бодолд нь тааруулан явж байсан. Нэг л мэдсэн би өөрийнхөө амьдралаар биш бусдын амьдралаар амьдрах гээд хаалгыг нь тогшсоор л байсан. Үүлэн цэнхэр бодролууд минь надтай хамт байсаар л байсан учраас дараачийн нэгэн зүйлийг би мэдэж авсан. Асуудлын ангилал гээч зүйл байлаа. Эргээд нэг харсан чинь би гэдэг хүн хүний асуудалд оролцсон тэрэндээ өөрөө шаналаад, зовоод, ороогдоод явдаг болж таарав. Тэр хүн өөрөө мэдэж байгаа бас миний ч хошуу дүрэх зүйл биш учраас би дахиад л нэг цэнхэр ухаарал атгаж авсан. Бид бүхэн “Энэ хэний асуудал вэ” гэдэг өнцгөөс харж, бусдын асуудал болон өөрийн асуудлаа ангилж сурах шаардлагатай. Ингэснээрээ бусдын асуудалд хошуу дүрэхгүй байна гэсэн үг. Миний болдоггүй байсан бас өөрөө мэдээд бусадтай харьцах харилцаагаа ч багасгаж байсан зүйл бол би бусдын асуудалд хэтэрхий их орж чи тэрийгээ хийгээчээ, тэрийгээ ингэчихвэл арай дээр юм биш үү гэх мэт зүйл байсныг мөн л атгаж авлаа. Хүн хоорондын харилцаан дахь зөрчилдөөнүүд бусдын асуудалд хошуу дүрэх, эсвэл бүр өөрийн асуудалд бусад нь хошуу дүрснээс үүддэг болохыг ойлгож асуудлыг ангилаад ч сурчих хүн хоорондын харилцаанд гэрэл нэмэгдэхийг ухаарлаа.
Тиймээс би л болдоггүй, надад л хүмүүс дургүй, би л ямар ч үнэ цэнэгүй хэрэгцээгүй хүн гэж сөрөг бодлуудыг өөртөө татахаасаа өмнө яагаад энэ бүхэн болж буй учир шалтгаан үйлийн холбоосуудыг олох нь зүйтэй санагдлаа. Гэхдээ би цаашаа хэрхэн хөдлөхөө бодож байгаа ч эцэслэж ард нь гарсангүй.
УХААРАЛ НАМАЙГ ҮГҮЙСГЭЖ
УУЧЛАЛ НАМАЙГ ӨНДИЙЛГӨНӨ